- Advice
- No comments
Энэ удаад дугуйн шпилк тасрах болон дугуйн гайхыг чангалах талаарх зөвлөмж болон санал бодлоо солилцохыг хүслээ.
Манай засвар үйлчилгээний төвөөр орж ирж байгаа машинуудад цөөнгүй тохиолддог нэгэн үзэгдэл байдаг юм. Энэ нь засвар үйлчилгээ хийж байх үед дугуйн шпилк тасрах эсвэл засвар үйлчилгээ хийснээс хойш дугуйн гайх сулрах үзэгдэл юм.
Жишээлбэл та TLC-200 маркын автомашинтай байлаа гэж бодоход Тоёота мотор корпорациас өгсөн засварын хуудсанд хайлшин обудтай бол гайкыг нь 131 нунометр, төмөр обудтай бол гайхыг нь 209 нунометрээр чангалах хэрэгтэй гэсэн заалт байдаг. Бид ч тус журмын дагуу ажилладаг. Гэтэл бодит амьдрал дээр жолооч нар бусад засварын газруудад үйлчлүүлэхдээ болон хөдөө гадаа явж байхдаа өөрсдөө чангалахдаа энэ тохиргоог хийх боломжгүй байдаг. Практикт бол жижиг дугуй засварын газрууд хийн буугаар тултал нь буудаж чангалдаг, энэ нь хамгийн багадаа 250-280 нунометр хүчээр чангалж байна гэсэн үг. Яг ийм үйлдэл хэд хэд давтагдсан бол таны машинд байгаа дугуйн шпилкнүүдийн хэвийн хэмжээ алдагдаж 1-2мм орчим сунасан байдаг. Энэ нь тухайн шпилк дараагийн удаад ямар нэг деформацид ороход тасрах магадлал маш өндөр /аюултай тэр тусмаа хөдөө орон нутгийн замд/ иймээс дугуйн гайкыг тэнхээгээ тултал чангална гэдэг нь сөрөг үр дагавартай учраас Тоёотагаас чангалах моментийг нормчилсон байдаг.
Эдгээр тохиолдлуудыг харгалзан үзэж саяхнаас бид үйлчлүүлэгчиддээ бяцхан тайлбар давхар өгч байгаа. Энэ нь та манайхаар үйлчилгээ хийлгэснээс хойш 1-3 хоногийн дараа дугуйн гайкаа чангалаад үзээрэй. Эсвэл манайхаар ирээд хурдхан шалгуулж болно шүү гэж хэлдэг болсон юм. Мөн та манай Мөнххада компанийн засвар үйлчилгээний төвөөр үйлчилгээ хийлгээгүй байсан ч гэсэн зав гаргаад өөрийнхөө машины дугуйн гайкнуудийн чанга сул байгааг шалгаад нэг үзээрэй. Тун богино хугацаанд маш их эрсдлийг арилгах үр дүнтэй ажил шүү. Ингээд та бүхэндээ бидний энэ удаагийн зөвлөгөө таалагдсан гэж найдаж байна.