Н.Гарамханд: Машиныхаа хөгжмийг чанга сонсож стрессээ тайлдаг

“Ривер” клубийн багш, дасгалжуулагч Н.Гарамхандтай амьдралын зөв хэв маяг, спортоор хичээллэхийн ач холбогдлын талаар ярилцлаа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар яриагаа эхлэх үү?

-Өглөө 7 цагт босоод цайгаа бэлтгэх, онлайн ангийнхандаа өглөөний цайнд идэж буй зүйлээ танилцуулахаас эхэлнэ. Мэдээж хэрэг хүүхдүүдээ хооллоно. Хамтдаа дасгал хөдөлгөөн хийнэ.
КОВИД-ын нөхцөл байдалтай холбоотойгоор 2-3 ангид онлайнаар хичээл орж байна.  
Мөн хоббигоороо оёдлын ажлаа хийж байгаа.  

 

-Хоббигоороо оёдлын ажил хийдэг гэлээ. Өөрөө оёх дуртай юу эсвэл загвар гаргадаг юм уу?

-Загвар, эсгүүр, оёдлоо бүгдийг нь өөрөө хийдэг. Европ, Монгол бүх төрлийн хувцас оёж үзэж байна. Загвар дизайны хувьд өөрөө их сонирхолтой учраас судалдаг. Харин оёдол эсгүүрээр суралцсан.
Улирлаас шалтгаалаад хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа хувцсыг л оёдог доо. Сүүлийн үед охидууд малгайтай цамц, өргөн сул өмд өмсдөг болсон байна. Тиймээс нэг хэсэг оёсон. Мэдээж хэрэг КОВИД-оос болоод гэртээ байгаа хүмүүст зориулж тухтай гэрийн хувцаснууд оёсон нь нэлээн их захиалга авсан. Захиалга ихтэй үед эсгүүрээ өөрөө гардаж гаргаад хоёр оёдолчин эгчтэйгээ хамт оёдог.
Оёдлын ажлыг нэг эхэлчихээд дуусгах гээд суугаад байдаг талтай. Гэхдээ аль болох тэнцвэрээ барьж, унтах цагтаа унтаж, идэх цагтаа идэж байхыг хичээдэг.
Ер нь суугаа ажил хийдэг хүмүүс биоритм гэдэг зүйлийг мэддэг байх ёстой. Шөнөөр сууж ажилладаг хүмүүс бас байдаг. Гэтэл 21:00 цагт хүний бие мелатонин гэдэг даавар ялгаруулж эхэлдэг. Энэ үед нь гэрлээ бүдэгрүүлээд, орондоо ороод 22:00 цагт унтсан байх ёстой. Ингээд 23:00 цагт хүний яс шаардлагатай шим тэжээлээ авч, цуглуулж байдаг. Эд эрхтэнүүд маань нарийн цагийн хуваариар амарч, ажиллаж байдаг учраас түүнд нь тааруулж унтаж амарч, идэж, дасгал хөдөлгөөн хийж байх нь эрүүл амьдралын үндэс болно.

-Та бага наснаасаа аэробекээр хичээллэсэн, 12 настайдаа олон улсын мастер болсон шүү дээ. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэхийн ач холбогдлын талаар ярилцъя?

– Хүүхэд наснаасаа спортоор хичээллэснээр гоо зүйн мэдрэмжтэй, тэвчээртэй хүн болж хүмүүждэг. Асуудалд хандах хандлага нь ч тууштай болсон байдаг.
Би бол спортыг өдөр тутмын хэрэгцээ гэж хардаг. Миний хувьд сүүлийн 10 жилийн турш багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Эндээс ажиглаад харахад хүмүүс спортоо хичээллэх, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг ойлгодог, амьдралын хэв маягтаа оруулж байгаа хэдий ч огт спортоор хичээллэдэггүй хүмүүс байсаар байна.
Гэтэл хүн өдөрт дунджаар 10-15 мянган алхам хийх ёстой байтал амьдралын хэв маягаасаа болоод 4-5 мянган алхам хийж чадаж байна уу, үгүй юу гэмээр нөхцөлд байгаа. Хүмүүс фитнесс зааланд ирээд нэг цаг дасгал хийхэд 3,500-4,000 алхам хийхтэй тэнцэх хэмжээний хөдөлгөөнийг хийдэг. Ингээд нэг цаг дасгал хийснээ хангалттай гэж бодох нь өрөөсгөл юм. Тэгэхээр спортыг амьдралын хэв маяг болгоод өдөрт хамгийн багадаа 20-60 минутыг идэвхтэй хөдөлгөөнд зарцуулах нь эрүүл байхын суурийг тавина.

-Дасгал хөдөлгөөнийг гэр бүлээрээ дадал болгох хэрэгтэй байх нь?

-Тэгэлгүй яахав. Эцэг эхчүүд маань дасгал хөдөлгөөнийг хүүхдийнхээ дадал болгож өгөх хэрэгтэй. Өглөө босоод шүдээ угааж, ус уудагтай адил дасгалаа хийдэг дадлыг бий болгох нь эрүүл байхын үндэс юм. Би ганцаараа дасгалаа хийгээд эрүүл байх биш миний хүүхдүүд, гэр бүлийнхэн бас эрүүл байх ёстой учраас хүүхдүүдээ бассейнд явуулдаг, таеквондо, шатар, теннисээр хичээллүүлж байгаа. Ямар спорт байх нь чухал биш. Гол нь хөдөлгөөн хийж байгаа. Яваандаа өөрт илүү таалагдсанаа сонгоод хичээллээд явчихна шүү дээ.
Хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маягт оруулахын тулд тодорхой хугацаанд тууштайгаар давтаж хийх хэрэгтэй. Эцэг эхчүүд хичээгээд тодорхой хугацаанд дасгал хөдөлгөөн хийгээд, ууланд алхаад ирэхээр хүүхдүүд дагаад л сурчихна. Бага насны хүүхдүүд бүр ч хурдан хүлээж авч, үлгэр дуурайлал авдаг.

-Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас болоод фитнесс заалнууд хаалттай байгаа. Хүмүүс гэртээ дасгал хөдөлгөөн хийж, ууланд их алхаж байх шиг байна. Танд хандаж зөвлөгөө авч байна уу?

-Ковид-ийн халдвартай холбоотойгоор онлайн хичээл их орж байгаа. Нэг цагаар 2-3 анги аваад хичээллээд явдаг. Хичээлээ заагаад явж байхад хүүхдүүд дагаад хөдөлгөөн хийгээд л байдаг. Цар тахал фитнесс зааланд очих, тэндээс эрч хүч энерги авах мэдрэмжийг бууруулж байгаа ч гэр бүлдээ цаг зарцуулах, тэдэнтэйгээ хамт амьдралын зөв дадал хэвшил бий болгох боломжийг бас бий болгож байна.
Эцэг эхчүүдэд нэг том алдаа ажиглагддаг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдэдээ “Чи дасгал хий, чи хэл сур” гээд хэлээд орхичихдог. Гэтэл хүүхдэд үлгэрлэх нь маш чухал сургалтын арга юм аа. Тэгэхээр эцэг эхчүүддээ эрүүл амьдралын хэв маяг руу тэмүүлдэг, түүгээрээ хүүхдэдээ үлгэрлэж насан туршдаа эрүүл амьдрах суурийг нь тавьж өгөөрэй гэж уриалмаар байна.

-Фитнесс заал олон хүний хувьд стрессээ тайлахад чухал газар байдаг. Таны хувьд хөл хорионы үед стрессээ хэрхэн тайлж байна вэ?

– Машиныхаа хөгжмийг чанга тавьж сонсоод стрессээ тайлдаг. Төрөл бүрийн хөгжим сонирхож сонсдог хэдий ч ажлынхаа онцлогоос болоод тэр юм уу ер нь чанга сонсох дуртай. Тиймээс дуугаралт маш чухал.
Саяхан шинэ машин авсан. Машиныхаа хөгжимд “дурлачихаад” л байгаа.

-Машиндаа их сэтгэл хангалуун байгаа бололтой. Та ямар машин унадаг билээ?

-Саяхан машинаа сольсон. “Мөнххада” компаниас RAV4 автомашин худалдан авсан.
Ер нь нэг чанартай зүйл худалдан аваад, удаан хэрэглэхийг зорьдог учраас судалж, хайж байгаад худалдан авалт хийсэн дээ.

-Судалж, хайж байгаад худалдан авсан гэлээ. Яг сонголтоо хийхэд юу нь хамгийн их нөлөөлсөн бэ?

-Машиндаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хуучин машинаа 10-аад жил унасан болохоор солихоор шийдсэн. Ингээд хайж байгаад RAV-4 машины хамрыг хараад л “дурлачихсан”. RAV-4 машины хамар маш гоё хэлбэртэй. Спорт юм шиг загвартай. Тэр нь их таалагдсан. Ер нь машины хэлбэрийг харахдаа урдаас нь илүү онцолж хардаг.
Түүнээс гадна хэт том машин маневр хийхэд, хот дотор замын хөдөлгөөнд оролцоход тохиромжтой биш санагддаг. RAV-4 машины хувьд явдал нь маш зөөлхөн, шатахуун бага зарцуулдаг нь таалагдсан.
Салоны дотор зай нь их өргөн, суудал нь халдаг учраас хүүхдүүдээ суулгаад явахад тухтай. Машиныхаа өнгөнд бас их дуртай. Энгийн хар өнгийг бодвол гүн болохоор харанхуйд хар өнгөтэй юм шиг харагддаг бол өдөр нарны гэрэлд гялалзаад маш гоё харагддаг.
Хэмжээний хувьд өмнөх машинтай маань ойролцоо учраас эвтэйхэн. Анх удаа унахад л удаан хэрэглэсэн юм шиг санагдсан.

-Онлайн хичээл хэр үр дүнтэй байгаа вэ, цар тахлын нөхцөл байдалд сөрөг тал байгаа ч бас давуу талууд бий болж байна шүү дээ?

-Онлайн хичээлийн үеэр шавь нар маань гэртээ байгаа учраас хооллолтын хувьд жирийн үетэй харьцуулахад илүү үр дүнтэй байна. Ажилдаа яваад эхлэхээр хоолондоо анхаарч чадахаа болиод, гадуур хооллоод эхэлдэг. Тэгээд сайхан явж байсан дэглэм алдагдаад байдаг.
Мэдээж хэрэг шинэ зүйл сурч, хоол хүнснийхээ бүтцийг өөрчилж байгаа учраас эцэг эх нь хүүхдэдээ зааж байгаа юм шигээр багш нь шавьдаа үлгэрлэх ёстой. Би өглөө 7 цагт босоод юу идэж, ямар хөдөлгөөн хийж байгаа, 9 цагт юу идэв гээд өдрийн турш идсэн зүйлсээ, хийсэн дасгал хөдөлгөөнөө байнга харуулаад авдаг.
Хэрхэн яаж тэнцвэртэй зөв хооллох юм бэ гэдгийг зааж, амьдралынх нь хэвшил болгохыг зорьж байгаа. Үүн дээр нэмээд хэзээ унтаж, хэзээ дасгал хийвэл үр дүнтэй вэ гэдгийг мэддээг байх ёстой.
Түүнээс биш өөрт хэрэгтэй нүүрс ус, тос бүгдийг нь хасчихаж болохгүй. Эрдэс бодисын дутагдалд орохгүй, шим тэжээлээ алдахгүйгээр зөв эрүүл байх боломжтой. Хүний тэнцвэртэй хооллолтыг хувьлаж үзвэл 30 хувь уураг, 30 хувь нь өөх тос, нүүрс ус 40 хувь байдаг.

-Спортоор хичээллэж, ямар нэгэн дэглэм барьж байгаа хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд ээжүүд маань өөртөө нэг хоол гэр бүлдээ ахиад өөр хоол хийж өгөөд байгаа харагддаг. Энэ тухайд?

-Энэ үнэхээр шүүмжлэлтэй хандах сэдэв. Ээж нь турах эсвэл галбирлаг болох гээд өөрөө гоё хол идээд, нөхөртөө цуйван, хүүхдэдээ бургер хийж өгөөд байдаг. Гэтэл үр хүүхэд бидний хувьд ямар чухал билээ. Би эрүүл, гоё хоол идэж байгаа бол хүүхдэдээ ч бас түүнийгээ идүүлэх хэрэгтэй
Миний хувьд нэг эмэгтэйд хичээл зааж байгаа бол түүгээрээ дамжуулаад тэр айлын гал тогоог өөрчлөхийг зорьдог. Гал тогооны эзнээр дамжуулаад тухайн гэр бүлийг эрүүлжүүлэхийг хичээж байгаа. Ээж нь хичээвэл хүүхэд сурчихдаг. Таны бүтээсэн гал тогоо таны хүүхдийн эрүүл өсөж торних суурь болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Үүн дээр нэмээд усны талаар ярихгүй өнгөрч болохгүй . Усыг тодорхой хэмжээгээр ууж байж бид эрүүл байх, өтгөн шингэнээ гадагшлуулах, илүүдэл жингээсээ салах боломжтой. Ус, өөх хоёр урвуу хамааралтай буюу усны түвшин нэмэгдэхийн хэрээр өөх багасдаг. Би хичээлийнхээ эхний өдрөөс л усыг хэрхэн уухыг заадаг. 14 хоногийн, нэг сарын хичээлийн дараа ус ууж сураад дадал болоод ирнэ. Биеийн жингээ 0.4-өөр үржүүлээд өдөрт уух усныхаа хэмжээг тооцоолоорой. Өглөө 7 цагаас орой 21 цаг хүртэлх хугацаанд усаа шимж уугаад байхад болно.

-Шавь нараа хараад дүгнэвэл амьдралын дадал хэвшилээ ямар хугацаанд өөрчилж чадаж байна вэ?

-Миний бодлоор хүн шийдвэр гаргасан хугацаанаасаа эхлээд үр дүнгээ үздэг. Хүмүүс шийдвэр гаргахгүй сэтгэл хөдлөлөөрөө эхлээд ханддаг. “Би турмаар байна” гээд яваад байдаг боловч “Би жингээ хаяхаар шийдлээ. Одооноос эхэлнэ” гээд шийдээд ирж байгаа хүмүүс цөөн байдаг. Шийдвэр гаргаагүй бол хэзээ ч үр дүн гардаггүй. Тиймээс хичээлд маань суух гээд ирж байгаа хүмүүст “Өөртөө болоод надад үнэнч байгаарай” гэж хэлдэг. Шийдээгүй л бол сэтгэл зүй бэлэн биш байдаг учраас үр дүн гарахгүй. Шийдвэр гаргасан хүн бол өөртөө үнэнч болчихдог. Ингээд үр дүнд хүрсэн олон хүн байгаа. Эрүүл хооллож, эрүүл амраад эхэлбэл 14 хоногийн дотор биеийн жингийнхээ 10 хувийг хасах бүрэн боломж байдаг.
Өөрийнхөө махан биеийг удирдана гэдэг маш чухал зүйл. Үүнийг чадаад цаашлаад гал тогоогоо өөрчлөөд гэр бүлээ зөв хэмнэл рүү оруулж байгаа шавь нараараа маш их бахархдаг.
Хүмүүс “Би дандаа ийм хоол идэх үү, алкахол огт хэрэглэхгүй юм уу” гээд асуудаг. Мэдээж хэрэг баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээ болно, оройтож хооллох үе гарна. Тэгэхэд хүссэн зүйлээ иддэг ч маргааш нь юу идэхээ мэддэг байх ёстой.
Өөрийнхөө биеийг таньж мэдээд, би яавал турдаг вэ, яавал таргалдаг вэ гэдгээ мэддэг болсон байхад санаа зовох зүйлгүй болчихдог.

-Ресторан, цайны газрын хоол идэхгүй байх нь хүмүүст хэцүү санагддаг байх. Хөл хорионоор гэрийн хоолноос уйдлаа гээд байгаа шүү дээ?

-Эрүүл хоол гэхээр амтгүй гэж ойлгодог нь маш өрөөсгөл ойлголт. Ресторан, цайны газрын хэтэрхий их амтлагчтай, хүчтэй амттай хоол идээд байхаар гэрийн хоол амтгүй санагддаг байж болох юм. Гэтэл мах, ногоо, бор гурилыг амттай боловсруулж идэх арга олон байдаг.
Эхний ээлжинд хоолоо өнгө үзэмжтэй таваглахыг хичээгээрэй. Хүчтэй амтлагчаас татгалаад зөв хоолоод эхлэхээр байцаа ямар амттайг, ус ямар амттайг мэдрээд эхэлнэ. Тэгэхээр хүмүүс хоолондоо дуртай болоод эхэлдэг. 10 хоног эрүүл хоол идээд л таны амтлах мэдрэмж сэргээд ирнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250